“БҮНКЁОСАЙ” оролцогчдын сэтгэгдэл


22 2 сар

Сайн байцгаана уу? Намайг Нямсүрэн гэдэг. Би СоЭДС-ын Япон хэл-орчуулагчийн I ангид суралцдаг. Манай ангийн хүүхдүүдийн 40,0 орчим хувь нь А группт суралцдаг. Ангиараа ганц хоёрхон хичээл дээр хамт суудаг учраас тийм ч дотно байгаагүй.
Харин Бүнкёосайд оролцсоноор хамт дуу дуулж, хамтдаа байх цаг илүү их болсон. Тиймээс бид илүү дотно найзууд болж чадсан. Бас дан ганц ангийнхантайгаа гэлтгүй бусад ангийнхан, мөн дээд ангийнхантайгаа дотносон олон найзуудтай болсон. Иймээс нэг талаар Бүнкёосайн бэлтгэлд талархаж байна.

Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдэг. Би СоЭДС-ийн япон хэл-орчуулагчийн IV курсэд суралцдаг. Жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн соёлын баяртаа 4 дэх удаа оролцож байгаадаа үнэхээр баяртай байна. Энэ жил өмнөх жилүүдээс онцлогтойгоор Монголын алдарт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийг Япон болон Монгол хэлээр уран уншиж танилцуулах болно. Манай ангийнхны хувьд соёлын баяртаа жил дараалан оролцсоноор улам дотносож, бие биенээ таньж мэдэн, нэгэн гэр бүл мэт болоход ихээхэн нөлөөлсөн бөгөөд сүүлийн удаа анги хамт олноороо оролцож байгаадаа нэг бодлын харамсалтай ч, тэр чинээгээрээ илүү их ач холбогдол өгч, мартагдахааргүй дурсамж болгон үлдээхийг зорьж бүгдээрээ хичээж байна.

Сайн байцгаана уу? Япон хэл орчуулагчийн ангийн III курсын оюутан Ү.Тэргэл байна. Одоо бодоход Япон хэлийг эх хэл шигээ сурах эрмэлзэлтэйгээр “Соёл-Эрдэм” дээд сургуулийг сонгосон минь туйлын зөв шийдвэр болсон. Учир нь сургуулийн маань бүх зүйл япон хэл, соёлтой хамааралтай байдаг. Тэр тусмаа жил бүр зохион байгуулагддаг япон соёлын өдөрлөгт, I курстээ Япон ардын найрал болон хамтлаг дуу дуулж, II курстээ Япон ардын жүжиг тоглож, одоо III курстээ Япон хэлээр уран илтгэл тавих гэж байна. Их, бага хэмжээ нь хамаагүй, бид Япон улсын соёл заншил, хэлийг сурч, чадвар олж авч байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Одоо “Соёл-Эрдэм” дээд сургуульд орсон миний хамгийн чухал зорилгын нэг болох Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд тэнцэх явдал юм. Үүний төлөө өдөр бүр хичээж бэлдэж байна.

“Бүнкёосай” буюу Японы соёлын баяртаа жүжигчилсэн тоглолтоор оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Жүжиг бол нэг хүний хөдөлмөр бус, баг хамт олны хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарах зүйл юм. Япон хэл дээр жүжиг тоглох нь ярвигтай хэцүү хэдий ч, олон дахин давтаад ирэхээр үнэхээр хөгжилтэй санагдсан. Нөгөө талаар сайн сургалт боллоо гэж хэлж болно.
Япон хэл дээр жүжиглэхэд яагаад ч юм би өөрөө япон хүн болсон мэт мэдрэмж төрж байлаа. Манай ангийнхан энэхүү жүжгэндээ монголын шударга бус авлигажсан нийгэм болон агшин зуурын зугаа цэнгэлээс болоод өөрт байгаа бүхнээ алдаж буй хоёр өөр сэдвээр болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг хөндөж шүүмжтэй хандахыг зорьсон юм.
Жүжигчилсэн тоглолтоо бэлдэж байх хугацаандаа хувь хүнийхээ зүгээс миний хувьд илүү нээлттэй болж, бусадтайгаа дотносож байгаадаа баяртай байна. Улмаар цаашдын эрдэм номондоо шамдан суралцахыг эрмэлзэх болно.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584