МАНАЙ СУРГУУЛИЙН УЛАМЖЛАЛТ ЯВГАН АЯЛАЛ 9 САРЫН 26-НД БОЛСОН


22 2 сар

“Соёл-Эрдэм” дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын танилцах явган аялал” 2018 оны 9 сарын 26-нд ХААИС – иас Дугуй Цагаан хүртэлх нийт 4,5 км зайд явагдав. Энэ өдрүүдэд нар, хур тэгширсэн намрын налгар өдрүүд тохиож зун мэт цэцэг жимс эрээлжлэн харагдах нь гайхалтай байсан. Аяллыг Зайсангийн амнаас эхлүүлж уул өөд өгсөн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудаар оюутан, багш нар хамтдаа алхаж цагийг зугаатай өнгөрөөсөн. Байгаль экологийн мэдэгдэхүүнээ тэлж, спорт танин мэдэхүйн ач холбогдолтой үр бүтээлтэй аялал хийсэн юм. Аяллын явцад байгаль орчноо хайрлан хамгаалах их үйлсэд нэгдэн, хүрээлэн буй орчноо сэргээж, цэвэр цэмцгэр байлгахад санаа тавилаа.
“Соёл-Эрдэм” дээд сургуулийн оюутан, багш нар аяллын явцад хамтдаа хөгжилдөн спорт танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгуулж, авхаалж самбаагаа сорьцгоов. Мөн хичээлийн шинэ жилийн эхний сард явагдсан энэхүү арга хэмжээнд оюутнууд хоорондоо танилцаж нөхөрлөн бие биенээсээ урам зориг, эрч хүч авч, хичээлийн жилээ эхлүүлсэн.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584