ТЭНХИМҮҮД

МЭРГЭЖЛИЙН ТЭНХИМ

СУРГУУЛИЙН ХОС БАГАНЫ НЭГ НЬ

       Манай сургуулийг зүйрлэвэл хос баганат тоонотой, зургаан ханатай монгол гэр бүлгээ. Хоёр багана нь Япон судлалын тэнхим (оюутнуудын нэрлэдгээр япон тэнхим), мэргэжлийн тэнхим (оюутнууд монгол тэнхим гэнэ) болох ба харин зургаан хана нь бидний сурган бэлтгэдэг мэргэжил: япон судлал, япон хэлний орчуулагч, олон улсын эдийн засагч, компьютер программ хангамж, олон улсын сэтгүүлч ,аялал жуулчлалын мэргэжилтэн - эдгээр болой. Би мэргэжлийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн мэргэжлийн багш хүний хувиар өөрийн тэнхмийн үйл ажиллагаа, багш нарынхаа тухай, төгсөн гарагсдын талаарх зарим мэдээллийг танд хүргэе. Манай тэнхим өмнө дурдсанаас сүүлийн дөрвөн мэргэжлээр дипломын сургалт явуулж бакалавр зэрэгтэй мэргэжилтэн төгсгөн гаргадаг. Эдийн засагч мэргэжлийг олон улсын гэж тодотгосны учир бол эдийн засгийн ихэнх хичээлийг олон улсын харьцуулалттай, олон улсад хэрэглэдэг онцгой нөхцөл, дэг журам, тариф хэм хэмжээг заавал оруулж заадаг, мөн манай төгсөгчид япон хэл, англи хэлээр мэргэжлийн түвшинд харилцах чадвар бүрэн эзэмшсэн байдагтай холбоотой. Энэ тайлбар мөн олон улсын сэтгүүлч мэргэжилд хамаарна. Уг мэргэжлээр суралцагчид Япон улсад сурвалжлагчийн дадлага хийх, энд ирсэн жуулчин зочдыг сурвалжлах чиглэлийг баримталдаг. Эдийн засгийн мэргэжлээр төгсөгчид магадлалын онол актуар тооцоолол, нягтлан бодохын үндэс, хөдөлмөрийн норм, тариф боловсруулах аргазүйг эзэмшин гарах учир даатгалын болон үйлдвэрлэл, үйлчилгээний аль нэгжид даатгалын мэргэжилтэн, нягтлан бодогч, хөдөлмөрийн эдийн засагчийн ажил албыг хаших бололцоотой. Энэ онд тус мэргэжлээр төгсөгч Н.Дэмбэрэлдагва, Д.Хоролсүрэн нар Даатгалын томоохон компанид мэргэжилтнээр ажиллаж байна. Компьютер программ хангамжийн мэргэжлээр суралцагчид уг мэргэжлийг стандарт боловсролын түвшинд эзэмшихээс гадна дипломын ажлын сэдвийг амьдрал, практикт шууд хэрэглэж болох программ, загвар, зураг-дүрслэлээр заавал бэлтгэж хамгаалдаг онцлоготой. Аялал жуулчлалын мэргэжлээр суралцагч оюутнууд их төлөв Япон улсаас ирдэг жуулчидтай ажилладаг агаад манай сургуулий харъяа Шилийн булаг жуулчны баазад практик дадлагаа байнга хийдэг юм. Ер нь ганц аялал жуулчлалын ангийнхан төдийгүй бусад бүх мэргэжлээр суралцагчид Япон улсад үйлдвэрлэлийн дадлага, хөлсний түр ажил хийх нь түгээмэл үзэгдэл болно. Хоёрдугаар анги төгссөн, зохих болзол хангасан оюутан Япон улсын зохих дээд сургуульд шилжин суралцаад онлайн шугамаар сургуультайгаа харилцан диплом хамгаалж хоёр улсын мэргэжлийн дипломтой мэргэжилтэн болдог .

        Манай багш нар сурган хүмүүжүүлэх ажлын дадлага туршлагатай, мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дуртай байдаг нь бидний амжилтын нэг үндэс болдог. Тус тэнхимд  ахлах багш, докторант Ө.Нямсүрэн, Н.Алтантуяа нар эдийн засгийн онол, менежмент, маркетинг, олон улсын даатгал, валют, санхүүгийн хичээлийг, багш, магистр Д.Саулегүл, Э.Мөнхцэцэг нар компьютер программ хангамжийн хичээлийг, ахлах багш Н.Алтантунгалаг аялал жуулчлалын маркетингийн хичээлийг, багш, докторант Н.Азтэгш бизнес–мэргэжлийн англи хэлийг тус тус зааж байна. Мэргэжлийн тэнхмийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар товч өгүүлэхэд ийм буюу.

Тэнхмийн эрхлэгч Д.Саулегүл

ЯПОН ХЭЛНИЙ ТЭНХИМ

          “Соёл- Эрдэм” дээд сургууль нь 1993 оны 9 дүгээр  сараас “Соёл” дамжаа нэртэй үйл ажиллагаа явуулж  улмаар 1996 оноос “Соёл- Эрдэм” дээд сургууль болон өргөжсөн билээ. Тэр үед Япон хэлний багш-орчуулагчийн мэргэжлээр  оюутан элсүүлдэг байсан. Япон хэлний тэнхимд Күросава, Сүгимото, Андоо нарын зэрэг япон мэргэжилтэн багш нар хичээл зааж байсан юм. Эхэндээ Япон хэлний 4 ангид буюу анхлан япон хэл суралцагсад А,В,С ангид, өмнө нь япон хэлийг суралцаж байсан оюутнууд D ангид хуваагдан хичээл ордог байв. 1999 онд олон улсын эдийн засгийн, Олон улсын сэтгүүлчийн, 2004 онд Компьютер программ хангамжийн анги, Аялал жуулчлал-менежментийн ангиудад шинээр элсэлт авч эхэлсэн юм. Тус сургуулийн ямар ч мэргэжлийн ангийн оюутан 4 жилийн турш япон хэл сурах боломжтой байдаг нь давуу тал билээ. Энэ утгаараа япон хэлний тэнхим нь өдөр тутам сургалтын өргөн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус тэнхимд японы мэргэжилтэн багш нар  японд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай доктор, магистр багш нар япон хэлний хичээлийг зааж ирлээ. Одоогийн байдлаар тус тэнхимд ахлах багш  Б.Мөнхтуул, Д.Алимаа, М.Мөнхцэцэг, Б.Энхжин багш, мэргэжилтэн багш Мотай Акико, Асами Коичиро нарын зэрэг туршлагатай багш нар япон хэлний ханз, дүрмийн хичээл, японы түүх, японы уран зохиол, аяллын япон хэл, харьцуулсан хэлзүй зэрэг олон төрлийн хичээлийг япон хэлээр зааж байна.

         Япон хэлний тэнхим нь сургалтын үйл ажиллагаанаас гадна оюутнуудын мэдлэг чадварыг  хөгжүүлэх, японы зан заншлаас танилцуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулж байна. Жил бүрийн 12 сард “Бүнкёосай” соёлын баярыг зохион байгуулдаг бөгөөд Ⅰ-р курсын оюутнууд найрал дуу, Ⅱ-р курсын оюутнууд япон хэлээр жүжиг, Ⅲ-р курсын оюутнууд уран илтгэл, Ⅳ-р курсын оюутнууд өөрийн зохиосон хайкү болон монголын нэртэй зохиолчдын шүлгийг япон хэл дээр уран унших үзүүлбэрийг сонирхож болно. Түүнээс гадна сар бүр Японы соёлоос танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг оюутнуудын дунд явуулдаг. Жишээлбэл, япон хэлээр “Аха”, “Чигириэ” ,“Зурган зохиомжит өгүүлэл” зэрэг тэмцээнийг жил бүр амжилттай явуулсаар ирлээ. Мөн япон хэлний ангийн оюутнууд япон хэлээр төгсөлтийн дипломын ажил бичиж, хамгаалдаг нь тус тэнхимийн онцлог билээ.

         Япон хэлний тэнхмийн амжилтаас цухас дурьдвал, Монгол дахь Японы элчин сайдын яамнаас жил бүр зохион явуулдаг тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтанд 1999 оноос эхлэн 2015 оны 3 сарын байдлаар тус сургуулиас нийт 35 оюутан тэнцээд байна.

           Мөн тус сургуулийн оюутнууд Япон улсад хэлний дадлага хийдгээс гадна, хамтын ажиллагаатай Японы Оберлин их сургууль, Сейжо их сургууль, Кокүшикан их сургууль, Хакүхо охидын коллеж, Оохара япон хэлний сургууль, Ёкохама дизайны сургуульд жил бүр элсэн суралцах оюутны тоо өсөн нэмэгдсээр байна. Элсэлтийн бүхий л үйл ажиллагааг япон хэлний тэнхим өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсаар ирлээ.

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584