Японы Бьютик корпорацид
ур чадварын дадлага хийдэг


5 сар 2017

     Япон улсын “Бьютик” корпораци нь 1995 онд “Тоёота” автомашин үйлдвэрлэгч компанид автомашины шилний бэхэлгээ нийлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоо барилгын салбар, автомашин үйлдвэрлэл, тоног төхөөрөмж угсралт, хуванцар эдлэлийн үйлдвэрлэл, тээвэрлэлт зэрэг 10 гаруй салбарт өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Япон, Тайланд, Индонез, Хятад, Америк, Канад, Монгол орнуудад салбар комданиудаа байгуулсан. “Бьютик” корпораци нь Японы зах зээлд борлогдож байгаа автомашины салхины шилний 30%-ийг үйлдвэрлэдэг.
Ур чадварын дадлагажигч нь танхимд суралцсан япон хэлний мэдлэгтээ тулгуурлан, Япон хэл, Япон орны талаарх ойлголтоо бататган дээшлүүлэхээс гадна “Тоёота” машины шилний гэмтэл олох, угсрахад бэлдэх, хуванцар эд ангийн загварчлал зэрэг ажлуудыг хийдэг.

Ажлын нөхцөл
Авто машины шилний хүрээ наах, шилний гэмтлийг олох, шилэнд тень наах, шилийг угсархад бэлэн болгох ажлуудыг дадлагын эхний хугацаанд гүйцэтгэнэ. Дадлага амжилттай гүйцэтгэж байгаа дадлагажигчид нь хуванцар эд ангийн загварчлал, зураг төсөл дээр инженерийн загварчлалаар ажиллаж, дадлагаа үргэлжлүүлдэг.

Амьдрах орчин
“Бьютик” компанийн ажилчдын байранд ур чадварын дадлагажигч нь байрлаж, компаний зүгээс оршин суух, амьдрах газрыг үнэ төлбөргүй гаргадаг бөгөөд сарын байрны хөлс, хийн түлшний зардал, усны төлбөр болох 10000 иен (220000 төгрөг)-ийг компаниас даан төлдөг. Ажилчдын байр нь ажлын газар хүртэл галт тэргээр 10 минут орчим явж хүрэх газар байрладаг.
Ур чадварын дадлагажигчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн дадлагажигчийн Монгол дахь эрүүл мэндийн шинжилгээ, Япон улс руу явах онгоцны зардлыг Бьютик компани 100% хариуцна. Мөн дадлагаа амжилттай дуусгаад Япон улсын “Сэйжо” эдийн засгийн их сургуульд суралцах боломжтой. Дадлагажигч өөрийн хүсэлтээр бүх нийтийн амралтын үеэр ажиллах боломжтой бөгөөд энэ тохиолдолд илүү цаг тооцогдон нэмэлт цалин хөлс бодогдох боломжтой.
“Соёл Эрдэм” дээд сургуулийн 2017 оны төгсөгчдөөс Ж.Мөнхчимэг, Г.Халиунаа, Б.Мөнхзаяа, Б.Хоролсүрэн, М.Нямсүрэн, Э.Батдулам нар өнгөрсөн 3 сард шалгалт өгөн тэнцээд байна. Эдгээр оюутнууд маань одооноос бичиг баримтын бүрдүүлэлтээ хийгээд ирэх 11 сард Япон улсыг зорих төлөвлөгөөтэй байна.

“Бьютик Монгол” компани

Тус компани нь 2001 оны 8 сард байгуулагдсан. Япон улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Япон улсад дадлагажаад Монголдоо буцаж ирсэн дадлагажигч нь үндсэн ажилтнаар ажилд орж, автомашины хуванцар эдлэлийн зураглал, инженерээр ажилладаг.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584